Нигүүлслийн эрин үе нь гэмшлийн сайн мэдээг тунхагласан бөгөөд хүн итгэх л юм бол аврагдах байсан. Өнөөдөр авралын оронд байлдан дагуулалт болон төгс болгох тухай яриа л байдаг. Хэрвээ хүн итгэвэл тэдний бүхий л гэр бүл ерөөгдөх болно буюу тэрхүү аврал нь эцсийнх гэж хэзээ ч хэлээгүй.
Өнөөдөр хэн ч эдгээр үгсийг хэлдэггүй бөгөөд тийм зүйлс нь хоцрогдсон. Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; та нар Түүнд итгэсээр байгаа цагт Тэр та нарыг золин аврах байсан; хэрвээ та нар Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Та нар итгэсэн тохиолдолд цаашид хэзээ ч нүглийнх биш юм. Тэр үед Есүс Өөрийнхөө шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажлыг хийсэн бөгөөд хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Түүний угийн бичгийг бүтээсэн бөгөөд бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажлыг хийсэн юм. Есүс хүмүүсийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шатыг хийхийн тулд ирсэн: тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг дуусгах байсан бөгөөд иймээс Есүс цовдлогдонгуут Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулах ажилд—илүү олон үг хэлэгдэх ёстой, илүү их ажил хийгдэх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс болон Еховагийн ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүмүүс өөрсдийн итгэлдээ илүү ойлголт, тодорхой байдалтай болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, энэ ажлын эцсийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь та нарт Еховагийн хууль болон Есүсийн авралыг тодруулан тайлбарласнаар та нар үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ач холбогдол болон мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, Түүний хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл та нар Библийн талаарх өөрсдийн сохор итгэл бишрэлээ ойлгох болно. Энэ бүхэн нь та нарт ойлгож ухамсарлах боломжийг олгоно. Та нар Есүсийн хийсэн ажил болоод өнөөгийн Бурханы ажлын аль алиныг ойлгож эхлэх болно; та нар бүх үнэн, амь болон замыг харах болно. Есүсийн хийсэн ажлын үе шатанд яагаад Есүс Бурханы ажлыг дуусгалгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний ярьсан үгс нь мөн төгсгөл болсон; Тэр цовдлогдсоны дараа Түүний ажил дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлсний дараа л Бурханы бүхий л ажил гүйцээгдэж, Түүний ажил дуусах юм. Есүсийн ажлын үе шатанд олон үгс яригдалгүй үлдсэн буюу бүрэн ойлгомжтой илэрхийлэгдээгүй. Гэсэн ч Есүс юуг хийсэндээ эсвэл юуг хэлээгүйдээ санаа зовоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгний үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд өнөөдрийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг эцэст нь аваачихын төлөө юм. Хэрвээ үгийг дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг төгсгөх ямар ч арга зам байхгүй, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашигласнаар бүх ажил төгсгөлдөө очиж, биелэгдэх билээ. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэр чимээгүй одсон бөгөөд одоо ч гэсэн Түүний үгийг ойлгоогүй, өөрсдийнх нь ойлголт буруу ч үүнийгээ зөв гэж итгэсээр байдаг, тэдгээр нь буруу гэдгийг мэдэхгүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат нь Бурханы ажлыг бүрэн биелүүлж, үүнийг төгсгөлд нь аваачих болно. Бүх хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний талаар ойлгож, мэдэх болно. Хүмүүсийн дотоод үзэл, түүний далд санаа, түүний буруу ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх түүний үзэл, Харь үндэстний тухай түүний үзэл санаа болон түүний бүх тэнэглэлийг засаж залруулах болно. Ингээд хүн амьдралын зөв зам, Бурханы хийсэн бүх ажил болоод бүхий л үнэнийг ойлгох болно. Тэгэх үед, ажлын энэ үе шат төгсгөлдөө очих болно. Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт биелэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүмүүс Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд нь байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цусных бүх хүмүүсийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. Энэ нь бусад улс орнуудад огтхон ч асуудал байхгүй гэж хэлж байгаа биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд хэдий эдгээр орнуудын хүмүүс сайн хэв чанартай байж болох боловч хэрвээ тэд Бурханыг мэддэггүй бол тэд Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд бас Бурханыг эсэргүүцэж, үл хэрэгссэн бэ? Яагаад фарисайчууд мөн Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан биш гэж үү? Зүгээр л Хятадын хүмүүсийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр жишээ, загвар болж, бусдад лавлах болон үйлчлэх болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба өөрсдийн янз бүрийн бүх хэлбэрээр илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байна. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал удаах ажил юу л байх вэ. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил нь бүрэн төгсөх болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал... энэ бүхэн нь эдгээр хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байгаа зүйл нь бүх хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг—тэдгээр нь үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг байлдан дагуулалтын товчлол гэж үздэг ба нэгэнт байлдан дагуулагдчихвал тэд аяндаа бусдад үлгэр жишээ загвар болно. Израильд хийгдсэн эхний үе шатнаас илүү бэлгэдэлтэй юу ч байгаагүй: израильчууд бүх хүмүүсээс хамгийн ариун, хамгийн бага ялзарсан хүмүүс байсан тул энэ газар нутаг дахь шинэ эринийг эхлүүлэх нь дээд зэргийн ач холбогдолтой байсан. Хүн төрөлхтний өвөг дээдэс Израильд үүссэн ба Израиль бол Бурханы ажлын өлгий нутаг байсан гэж хэлж болно. Эхэндээ эдгээр хүмүүс хамгийн ариун байж, тэд бүгд Еховаг шүтэж байсан бөгөөд тэдэн дэх Бурханы ажил хамгийн их үр дүн авчирч чадсан. Бүхий л Библи нь хоёр эрин үеийн ажлыг тэмдэглэсэн: Нэг нь Хуулийн эрин үеийн ажил бөгөөд нөгөө нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан юм. Хуучин гэрээ нь Израильчуудад хэлсэн Еховагийн үгийг болон Израиль дахь Түүний ажлыг тэмдэглэсэн; Шинэ гэрээ нь Иудей дахь Есүсийн ажлыг тэмдэглэсэн. Гэхдээ Библи яагаад ямар ч Хятад нэрийг агуулдаггүй вэ? Бурханы ажлын эхний хоёр хэсэг Израильд хийгдсэн учраас, Израилийн хүмүүс сонгогдсон хүмүүс байсан учраас – өөрөөр хэлбэл тэд Еховагийн ажлыг хүлээн авах эхний хүмүүс байлаа. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн бага ялзруулагдсан нь байсан бөгөөд эхэндээ тэд Бурханыг дээдэлж, Түүнийг хүндлэх сэтгэлтэй байсан юм. Тэд Еховагийн үгийг дуулгавартай дагаж, тахилчийн өмсгөл эсвэл титэм зүүж сүмд үргэлж үйлчилдэг байв. Тэд Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн эртний хүмүүс, Түүний ажлын хамгийн эртний байнууд байлаа. Эдгээр хүмүүс бүх хүн төрөлхтний үлгэр жишээ, загвар байсан. Тэд бол ариун байдал болон шулуун шударга байдлын үлгэр жишээ, загвар байсан юм. Иов, Абрахам, Лот, Петр, Тимот нар бүгд Израильчууд байсан ба хамгийн ариун үлгэр жишээ, загварууд байлаа. Израиль нь хүн төрөлхтний дундаас Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн анхны орон байсан бөгөөд илүү шударга хүмүүс өөр хаанаас ч илүүтэйгээр эндээс төрөн гарсан. Ирээдүйд бүх газар нутаг даяарх хүн төрөлхтнийг илүү сайн байлдан дагуулахын тулд Бурхан тэдэн дээр ажилласан. Тэд Еховаг шүтэн мөргөж байсны ололт амжилт, шударга байдал нь тэмдэглэгдсэн, ингэснээр тэд Нигүүлслийн эрин үед Израилиас цааших газар нутгийн хүмүүст үлгэр жишээ, загвар болох байсан; тэдний үйлдэл өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн ажлыг дэмжсэн юм.
Дэлхий ертөнцийн үндэс суурийн дараа Бурханы ажлын эхний үе шат нь Израильд хийгдсэн, тиймээс Израиль нь газар дээрх Бурханы ажлын төрсөн нутаг, газар дээрх Бурханы ажлын бааз байсан юм. Есүсийн ажлын цар хүрээ бүхий л Иудейг хамарсан. Түүний ажлын явцад Иудейн гаднах тун цөөхөн хүмүүс үүний талаар мэдсэн, учир нь Тэр Иудейн гадна ямар ч ажил хийгээгүй билээ. Өнөөдөр Бурханы ажлыг Хятадад авчирсан бөгөөд энэ нь гагцхүү энэ цар хүрээн дотор л хийгддэг. Энэ үед ямар ч ажил Хятадын гадна эхлээгүй; Хятадаас цааш түгэх явдал нь дараа болох ажил юм. Ажлын энэ үе шат Есүсийн ажлын үе шатнаас үргэлжлүүлэн явдаг. Есүс золин аврах ажил хийсэн бөгөөд энэ үе шат нь үргэлжлэн хийгдэж байгаа ажил; золин аврал дууссан бөгөөд энэ үе шатанд Ариун Сүнснээс үр тогтох хэрэггүй учир нь ажлын энэ үе шат нь өмнөх үе шаттай адилгүй, цаашлаад Хятад бол Израильтай адилгүй. Есүсийн хийсэн ажлын үе шат нь золин аврах ажил байсан. Хүн Есүсийг харсан ба удалгүй Түүний ажил Харь үндэстнүүдэд түгэж эхэлсэн юм. Өнөөдөр Америк, Нэгдсэн Вант улс болон Орост Бурханд итгэдэг олон хүн байдаг, тэгвэл яагаад Хятадад цөөхөн байдаг юм бэ? Учир нь Хятад бол хамгийн хаалттай үндэстэн юм. Тийм болохоор Хятад орон Бурханы замыг хамгийн сүүлд хүлээн зөвшөөрсөн ба одоо ч гэсэн тэгснээс нь хойш зуу хүрэхгүй жил болж байгаа – энэ нь Америк болон Нэгдсэн Вант улсаас хамаагүй сүүлд юм. Өөрийн ажлыг төгсгөлд нь аваачихын тулд, Өөрийн бүх ажлыг хэрэгжүүлэхийн тулд Бурханы ажлын сүүлчийн үе шат нь Хятадын газар нутагт хийгдсэн. Израиль дахь хүмүүс бүгд Еховаг Эзэн гэж дуудаж байсан. Тэр үед тэд Түүнийг гэр бүлийнхээ тэргүүн нь гэж үзэж байсан бөгөөд бүхий л Израиль нь, хүн бүхэн өөрсдийн Эзэн Еховаг шүтэн биширсэн асар том гэр бүл болсон юм. Еховагийн Сүнс тэдэнд олон удаа харагдаж, Тэр тэдэнтэй ярилцаж, Өөрийн дуу хоолойг айлдсан бөгөөд тэдний амьдралыг залж чиглүүлэхийн тулд үүлэн багана болон дуу чимээг ашигласан. Тэр үед Сүнс Өөрийн удирдамжийг Израильд шууд өгч, Өөрийн дуу хоолойгоороо хүмүүстэй ярьж, айлдаж байсан бөгөөд тэд үүлийг харж, аянгын нүргээнийг сонссон, ийм байдлаар Тэр тэдний амьдралыг хэдэн мянган жилийн турш залж чиглүүлсэн юм. Тиймээс зөвхөн Израилийн ардууд л Еховад үргэлж шүтэн мөргөсөн. Ехова бол тэдний Бурхан бөгөөд Харь үндэстнүүдийн Бурхан биш гэж тэд итгэдэг. Энэ нь гайхмаар зүйл биш: эцсийн эцэст Ехова тэдний дунд 4,000 орчим жилийн турш ажилласан. Хятадын газар нутагт хэдэн мянган жилийн турш зүүрмэглэснийхээ дараа ёс суртахуунгүй хүмүүс, тэнгэр газар, бүх зүйлс аяндаа бий болоогүй харин Бүтээгчээр бүтээгдсэн гэдгийг одоо л мэдэж эхэлсэн. Энэ сайн мэдээ хилийн чанадаас ирсэн учраас энэ сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг хүмүүс аймшигтай их гэмт хэрэг үйлдэж байгаа бөгөөд тэд бол Буддагаас – өөрсдийнхөө өвөг дээдсээс урвасан муу нохой гэж феодлын харгис үзэлтэй хүмүүс итгэдэг. Цаашлаад эдгээр феодлын үзэл санаатай хүмүүсийн олонх нь, “Хятад хүмүүс яаж гадныхны Бурханд итгэж болох юм бэ? Тэд өвөг дээдсээсээ урваж байгаа биш гэж үү? Тэд мууг үйлдэж байгаа биш гэж үү?” гэж асуудаг. Ехова бол тэдний[a] Бурхан гэдгийг өнөөдөр хүмүүс аль хэдийн мартчихсан. Тэд Бүтээгчийг аль эртнээс сэтгэлийнхээ мухарт хийсэн бөгөөд оронд нь тэд, хүн бичнээс үүссэн ба байгаль ертөнц үргэлж оршин байсан гэсэн утгатай хувьсалд итгэдэг. Хүн төрөлхтний эдэлж хэрэглэдэг бүх сайн хоол хүнс байгалиас хангагддаг, хүний амьдрал, үхэлд дэг журам байдаг бөгөөд энэ бүхнийг захирдаг Бурхан оршин байдаггүй. Цаашилбал, бүх зүйлийг захирдаг Бурханы ноёрхолд итгэх нь мухар сүсэг гэж хэлдэг бурхангүй үзэлтнүүд олон байдаг. Гэхдээ шинжлэх ухаан Бурханы ажлыг орлож чадах уу? Шинжлэх ухаан хүн төрөлхтнийг захирч чадах уу? Тийм оронд сайн мэдээг тунхаглах нь амар үүрэг даалгавар биш бөгөөд асар их саад бартааг агуулдаг. Өнөөдөр ийм байдлаар Бурханыг эсэргүүцдэг хүмүүс олон байгаа биш гэж үү?
Олон хүмүүс Есүсийн ажлыг Еховагийн ажлын эсрэг барьсан ба тэд хоорондоо үл нийцэх зүйл олох үедээ Есүсийг загалмайд цовдолсон. Гэхдээ яагаад Тэдний ажилд хоорондоо үл нийцэх зүйл байсан бэ? Нэг талаараа энэ нь Есүс шинэ ажил хийсэн учраас мөн түүнчлэн Есүсийг Өөрийн ажлаа эхлэхээс өмнө хэн ч Түүний угийн бичгийг бичээгүй байснаас болсон. Хэрвээ хэн нэгэн бичсэн байсан бол санаа зовох хэрэггүй байсан ба хэн Есүсийг загалмайд цовдлох юм бэ? Хэрвээ Матай хэдэн арван жилийн өмнө Есүсийн угийн бичгийг бичсэн бол Есүс тийм их хавчилт шахалтыг амсахгүй байх байсан юм. Тийм биш гэж үү? Есүсийн угийн бичгийг – Тэр бол Абрахамын хүү бөгөөд Давидын угсаа – гэдгийг уншмагцаа хүмүүс Түүнийг хавчиж шахахаа болих байсан. Түүний угийн бичиг хэтэрхий орой бичигдсэн нь харамсалтай биш гэж үү? Харамсалтай зүйл юу вэ гэхээр Библи зөвхөн Бурханы ажлын хоёр үе шатыг л тэмдэглэсэн: нэг үе шат нь Хуулийн эрин үеийн ажил байсан, нөгөө нь Нигүүлсийн эрин үеийн ажил байсан; нэг үе шат нь Еховагийн ажил байсан ба нөгөө нь Есүсийн ажил байсан. Хэрвээ агуу эш үзүүлэгч өнөөдрийн ажлыг зөгнөсөн байсан бол энэ нь хэчнээн сайн байхсан билээ. Библид “Эцсийн өдрүүдийн ажил” гэсэн гарчигтай нэмэлт хэсэг байсан бол – тэр нь илүү дээр байхгүй гэж үү? Яагаад хүн өнөөдөр маш их зовлон бэрхшээлд өртөх ёстой юм бэ? Та нар тийм хэцүү цагийг туулсан! Хэрвээ хэн нэгэн үзэн ядалтыг хүртэх учиртай бол энэ нь эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөөгүйнхээ төлөө Исаиа, Даниел хоёр, хэрвээ хэн нэгэн буруутгагдах ёстой бол энэ нь хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы угийн бичгийг арай эрт жагсаан бичээгүй Шинэ гэрээний элч нар юм. Тэр нь ямар өрөвдөлтэй вэ! Та нар хаа сайгүй нотлох баримт хайх хэрэгтэй бөгөөд үгний жаахан өөдөс олсны дараа ч тэдгээр нь үнэхээр баталгаа мөн эсэхийг та нар хэлж чаддаггүй. Ямар ичмээр юм бэ! Бурхан Өөрийн ажилдаа яагаад ийм нууцлаг байдаг юм бэ? Өнөөдөр олон хүмүүс нотлох баримт хараахан олоогүй ч тэд бас үүнийг үгүйсгэж чаддаггүй. Тэгвэл тэд юу хийх ёстой вэ? Тэд Бурханыг шийдэмгийгээр дагаж чаддаггүй ч тийм эргэлзээтэйгээр урагш явж бас чаддаггүй. Иймээс олон “ухаалаг, авьяастай эрдэмтэд” Бурханыг дагах үедээ “оролдоод үзэх” хандлага өвөрлөдөг. Хэтэрхий түвэгтэй! Хэрвээ Матай, Марк, Лук, Иохан нар ирээдүйг зөгнөж чаддаг байсан бол аливаа зүйлс хамаагүй амархан байхгүй байсан гэж үү? Хэрвээ Иохан хаанчлалын амьдралын дотоод үнэнийг харсан бол илүү дээр байх байсан – тэр зөвхөн үзэгдэл хараад газар дээрх бодитой материаллаг ажлыг хараагүй нь хэчнээн харамсалтай билээ дээ. Энэ нь үнэхээр өрөвдөлтэй! Бурхан яачихаа вэ? Түүний ажил Израильд маш сайн явагдсаны дараа яагаад тэр одоо Хятадад ирсэн юм бэ, мөн яагаад Тэр бие махбодтой болж, хүмүүсийн дунд биечлэн ажиллах, амьдрах хэрэгтэй байсан юм бэ? Бурхан үнэхээр хүнийг тоодоггүй! Тэр хүмүүст урьдчилан хэлээгүйгээр үл барам Өөрийн гэсгээлт болон шүүлтийг гэнэт авчирсан. Энэ нь үнэхээр ойлгохын аргагүй! Бурхан анх удаа бие махбодтой болохдоо бүх дотоод үнэнийг хүнд урьдчилан хэлээгүйн улмаас Тэр ихээхэн зовлон бэрхшээл амссан. Тэр түүнийг мартсан байж таарахгүй биз дээ? Тэгвэл Тэр яагаад энэ удаа хүнд бас л хэлээгүй юм бэ? Өнөөдөр Библид ердөө жаран зургаан ном байдаг нь хэчнээн золгүй хэрэг билээ дээ. Эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн дахиад ганцхан ном хэрэгтэй байсан юм! Чи тэгж бодохгүй байна уу? Ехова, Исаиа, Давид нар ч өнөөдрийн ажлыг огт дурдаагүй. Тэд 4,000 орчим жилийн цаг хугацааны тусгаарлалттайгаар өнөө үеэс улам цааш холдсон. Есүс ч гэсэн өнөөдрийн ажлыг бүрэн зөгнөөгүй, энэ талаар ердөө бага зэрэг ярьсан бөгөөд хүн хангалтгүй баримтыг л олдог. Хэрвээ чи өмнөх ажлыг өнөөдрийнхтэй харьцуулбал энэ хоёр бие биетэйгээ хэрхэн таарч тохирдог вэ? Еховагийн ажлын үе шат нь Израиль руу чиглэж байсан, иймээс хэрвээ чи үүнийг өнөөдрийнхтэй харьцуулбал бүр ч илүү их үл нийцэл байх болно; тэр хоёрыг зүгээр л харьцуулж болохгүй. Чи Израиль эсвэл Иудейнх биш; чиний хэв чанар болон бүх зүйл чинь дутагдалтай – чи өөрийгөө хэрхэн тэдэнтэй харьцуулж болох юм бэ? Энэ нь боломжтой юу? Өнөөдөр бол Хаанчлалын эрин үе гэдгийг мэдэж ав, энэ нь Хуулийн эрин болон Нигүүлслийн эрин үеэс өөр. Ямар ч тохиолдолд томьёо хэрэглэхээр бүү оролд; Бурханыг ямар ч тийм томьёоны араас олохгүй.
Есүс төрснөөсөө хойших 29 жилийн хугацаанд хэрхэн амьдарсан бэ? Түүний хүүхэд нас болон залуу насны талаар Библи юу ч тэмдэглээгүй; тэдгээр нь ямар байсныг чи мэдэх үү? Түүнд ямар ч хүүхэд нас эсвэл залуу нас байгаагүй ба төрөх үедээ л Тэр аль хэдийн 30 настай байсан байж болох уу? Чи хэтэрхий багыг мэддэг, иймээс өөрийн үзэл бодлоо хэлэхдээ хайхрамжгүй бүү бай. Энэ нь чамд ямар ч сайн зүйл болохгүй! Есүс 30 насныхаа төрсөн өдрөөс өмнө баптисм хүртэж, диаволын сорилтыг амсахын тулд цөл рүү Ариун Сүнсээр удирдуулсан гэдгийг л Библи тэмдэглэсэн. Мөн Дөрвөн Сайн мэдээ нь Түүний гурван жил хагасын ажлыг тэмдэглэжээ. Түүний хүүхэд нас болон залуу насны талаар ямар ч тэмдэглэл байдаггүй боловч Түүнд хүүхэд нас болон залуу нас байгаагүй гэдгийг энэ нь нотлохгүй; зүгээр л анх Тэр ямар ч ажил хийгээгүй бөгөөд энгийн хүн байсан юм. Энгийн хүн байсан болохоороо Тэр залуу насгүйгээр 33 жил амьдарсан байж болох уу? Түүнд хүүхэд нас байгаагүй байж болох уу? Тэр 11, 12, 17 эсвэл 18 насыг дамжихгүйгээр гэнэтхэн 33.5 настай болсон байж болох уу? Түүний талаар хүний боддог бүхэн ер бусын байдаг. Хүн үнэнийг эзэмшдэггүй! Бие махбодтой болсон Бурхан энгийн, хэвийн хүн чанарыг эзэмшсэн байх нь эргэлзээгүй боловч Өөрийн ажлыг хийхдээ Тэр шууд Өөрийн бурханлаг чанар болон бүрэн бус хүн чанараар хийдэг. Үүний улмаас хүмүүс өнөөдрийн ажлын талаар, бүр Есүсийн ажлын талаар ч эргэлзээтэй байдаг. Хэдийгээр Бурханы ажил, Түүний бие махбодтой болсон хоёр тохиолдолд ялгаатай байдаг боловч Түүний мөн чанар нь тийм биш. Мэдээж хэрвээ чи Дөрвөн Сайн мэдээний тэмдэглэлийг уншвал ялгаа нь бүр их. Есүсийн хүүхэд нас болон залуу насны үеийн амьдралыг чи хэрхэн эргэн санах вэ? Чи Есүсийн энгийн хүн чанарыг хэрхэн ойлгох вэ? Магадгүй чи өнөөдөр Бурханы хүн чанарын талаар хүчтэй ойлголттой байж болох ч чи Есүсийн хүн чанарын талаар ухаараагүй, тэр ч бүү хэл үүнийг ойлгодоггүй. Хэрвээ үүнийг Матай тэмдэглээгүй бол чамд Есүсийн хүн чанарын талаар ямар ч таамаг байхгүй байх байсан юм. Магадгүй Намайг Есүсийн амьдралын түүхүүдийн тухай ярьж, Есүсийн бага нас болон залуу насны дотоод үнэнийг хэлэх юм бол чи толгой сэгсрэн: “Үгүй! Тэр тийм байж таарахгүй. Түүнд ямар нэгэн сул тал байх учиргүй, тэр ч байтугай Тэр ямар нэгэн хүн чанартай байх ёсгүй!” гэх болно. Чи бүр орилж, хашхирах болно. Чи Есүсийг ойлгодоггүй учраас чамд Миний талаар үзэл байдаг. Чи Есүсийг ариун гэгээн агаад Түүнд бие махбодын юу ч байхгүй гэж итгэдэг. Гэхдээ баримт бол баримт. Үнэн баримтуудыг үл хэрэгсэн ярихыг хэн ч хүсдэггүй, учир нь Намайг ярих үед энэ нь үнэнтэй холбоотой байдаг; энэ нь таамаглал биш, мөн зөгнөл ч биш. Бурхан агуу өндөрт өсөж, цаашлаад Тэр агуу гүнд нуугдаж чадна гэдгийг мэдэж ав. Тэр бол чиний оюун ухаанд төсөөлөгдөшгүй, Тэр бүх бүтээлийн Бурхан бөгөөд тодорхой нэгэн хүний төсөөлсөн хувийн Бурхан биш юм. Энэ нь зөв биш гэж үү?
Тайлбар:
a. Анхдагч эх бичвэрт “та нарын” гэж байдаг.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Холбоотой
зөвлөмж:
No comments:
Post a Comment