Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой. Гэхдээ хэдийгээр хүн бүхэн энэ сургаалыг ойлгодог боловч хүний тухайд гэвэл, мэдлэггүй байдал, утгагүй явдал, завхрал гэх мэт түүний элдэв төрлийн бэрхшээлээс болж эдгээр хамгийн илэрхий, үндсэн үнэнийг түүнээс бүрэн харж чадахгүй. Иймд та нарын төгсгөлийг шийдэхээсээ өмнө Би та нарт хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлэх учиртай. Намайг цааш нь үргэлжлүүлэхээс өмнө та нар эхлээд үүнийг ойлгох ёстой: Миний хэлдэг үгс бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн бөгөөд тодорхой нэгэн хүнд эсвэл ямар нэг төрлийн хүнд зөвхөн зориулагдаагүй. Иймд та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, мөн түүнчлэн бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагыг баримтлах ёстой. Миний хэлэх ганц ч үг эсвэл үнэнийг бүү үл ойшоо, мөн Миний үгийг бүү басамжил. Та бүхний амьдралаас Би та нарын хийдэг олон зүйл үнэнтэй хамаагүй байгааг хардаг, иймд Би та нараас үнэний зарц нар болж хорлонт муу, муухай байдалд бүү боолчлогдооч гэж ойлгомжтойгоор гуйж байна. Үнэн дээр бүү гишгэл эсвэл Бурханы гэрийн аль ч буланг бүү бузарла. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. Одоо Би уг сэдвийн талаар ярьж эхэлнэ:
Эхлээд та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар зөвшөөрөгдөхийг хичээх ёстой. Тэр нь, нэгэнт та нар Бурханы гэрт тоологдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул Бурханд сэтгэл санааны тайван байдлыг авчирч, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлгах хэрэгтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл чи өөрийн үйлдлүүддээ зарчимтай байж, тэдгээрийгээ үнэнд нийцүүлэх ёстой. Хэрвээ энэ нь чиний чадвараас давж байвал чи Бурханаар жигшигдэн, гологдох ба бүх хүнээр басамжлуулна. Чи ийм таагүй байдалд орчихвол Бурханы гэрийнхэнд тоологдож чадахгүй юм. Энэ бол Бурханаар зөвшөөрөгдөхгүй байх гэдгийн утга юм.
Хоёрдугаарт, та нар Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. Бурхан үнэнч мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Цаашилбал Түүний үйлдэл нь алдаа мадаггүй агаад эргэлзэхээргүй байдаг. Ийм учраас Бурхан Түүнд туйлын үнэнч шударга байдаг хүмүүст дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхэнд хоёр дахин хүнд байдаг. Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг. Надад шударга бус хүмүүст зориулсан өөр шийдвэр байдаг нь гайхах зүйл биш юм. Мэдээж та нарыг үнэнч байхаар хичээхэд асар их саад тулгарч байгааг Би сайн ойлгодог. Та нар бүгд маш ухаалаг бөгөөд юмыг өөрийн өнцгөөс шүүн хэлэлцэхдээ дадамгай; ингэснээр Миний ажил хамаагүй илүү энгийн болдог. Та нар өөрсдийн нууцыг сэтгэлдээ хадгалж байдаг тул Би та нарыг галын “шалгалтанд” оруулахын тулд нэг нэгээр чинь гай гамшиг руу илгээх болно, ингэснээр та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би та бүхний амнаас “Бурхан бол үнэнч байдлын Бурхан юм” гэсэн үгийг гаргаж авсны дараа та нар цээжээ дэлдэн “хүний зүрх сэтгэл зальтай юм” хэмээн халаглах болно. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Чи одоо байгаа шигээ ихэрхэхгүй байх гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл чи одоо байгаа шигээ “ойлгоход хэтэрхий гүн гүнзгий” байхгүй. Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “сайн хүмүүжилтэй” байдаг боловч Сүнсний өмнө увайгүй болж, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч шударга хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэн агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн байна гэж хэлнэ. Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, чамд Бурханы төлөө зовсон баримт байгаа эсэхийг болон чи Бурханд бүрэн захирагдсан эсэхээ мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр нь дутагдаж байвал чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байна. Хэрвээ чиний зүрх сэтгэл үнэнч шударга байдлаас хол бол чи Бурханы таашаалыг хэзээ ч аваагүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хэн нэгний хувь заяа эцэстээ яаж дуусах нь түүнд үнэнч шударга, баатарлаг зүрх сэтгэл байгаа эсэхээс болон түүнд цэвэр ариун сэтгэл байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорон зүрх сэтгэлтэй, цэвэр бус сэтгэлтэй хүн бол чиний хувь заяаны бүртгэл хүний шийтгэгддэг газар байх нь гарцаагүй. Хэрвээ чи өөрийгөө маш үнэнч шударга гэж баталдаг боловч үнэний дагуу үйлдэж эсвэл үнэний үгийг хэлж хэзээ ч чаддаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байх уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цөцгий мэт үзнэ гэж чи найдсаар л байна уу? Энэ нь шал утгагүй бодол биш гэж үү? Чи бүх зүйл дээр Бурханыг хуурдаг, тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгах юм бэ?
Миний та нарт хэлэхийг хүссэн гурав дахь зүйл бол энэ: Бурханд итгэх итгэлийнхээ явцад хүн бүхэн хэзээ нэгэн цагт Бурханыг эсэргүүцэж, хууран мэхэлсэн байдаг. Зарим алдаа эндлийг зөрчил гэж тэмдэглэх хэрэггүй боловч зарим нь уучилшгүй байдаг; учир нь захиргааны зарлигыг зөрчдөг буюу Бурханы зан чанарыг зөрчдөг олон үйл хэрэг байдаг. Өөрийнхөө хувь заяанд санаа тавьдаг олон хүн эдгээр үйл хэрэг нь юу болохыг асууж магадгүй. Та нар угаасаа биеэ тоосон, ихэрхүү бөгөөд баримтанд захирагдах дургүй байдаг гэдгээ мэдэх ёстой. Энэ шалтгааны улмаас өөрсдийгөө эргэцүүлсний чинь дараа Би та нарт аажмаар хэлэх болно. Би та нараас, захиргааны зарлигуудын агуулгын талаар илүү дээр ойлголттой болж, Бурханы зан чанарыг мэдэхийн тулд хичээл чармайлт гаргахыг гуйж байна. Эс бөгөөс амаа үдүүлсэн мэт байж, өндөр дуугаар хэтэрхий чөлөөтэй цуурахгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрөө ч мэдэлгүйгээр та нар Бурханы зан чанарыг зөрчиж, Ариун Сүнс болон гэрлийг алдан харанхуйд унах болно. Учир нь та нарын үйлдлүүд зарчимгүй байдаг. Хэрвээ чи хэлэх ёсгүй зүйлийг хэлж эсвэл хийх ёсгүй зүйл хийсэн бол зохих цээрлүүлэлтээ хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг боловч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Чи цээрлүүлэлт хүлээж байгаа нь чи хүнийг бус Бурханыг уурлуулсантай холбоотой. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол чи тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүний хувьд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдэн үйл хэрэг хийснээс өөр зүйлгүй мэт харагдаж болно. Гэвч Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн бөгөөд цаашлаад ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй учраас Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр сонголт чамд байхгүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа тэд аажмаар өөрийн завхралыг олж мэдэж, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр тэд үргэлжлүүлэн ул суурьтай байдаг. Ийм хүмүүс эцэстээ үлдэх болно. Гэвч Миний эрж хайдаг хүмүүс бол үнэнч шударга хүмүүс; хэрвээ чи үнэнч шударга агаад зарчмын дагуу үйлддэг бол чи Бурханы итгэлийг хүлээсэн хүн байж чадна. Хэрвээ үйлдлүүдээрээ чи Бурханы зан чанарыг зөрчдөггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол чиний итгэл стандартад нийцнэ. Бурханыг хүндэтгэдэггүй, зүрх сэтгэл нь айж чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих болно. Олон хүн хүсэл тэмүүллийнхээ хүчээр Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар ямар ч ойлголтгүй байдаг, Түүний үгийн утгыг бол бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаагаараа тэд ихэвчлэн Бурханы удирдлагыг тасалдуулах зүйлийг хийж таардаг. Ноцтой тохиолдолд, тэд хаягдаж, Түүнийг дагах ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу шидэгдэж, Түүний гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Эдгээр хүмүүс мулгуу сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулж төгсдөг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг аргаа Бурханы гэрт авчран, тэдгээрийгээ хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд амархан хэрэглэж болно гэж хий дэмий боддог. Бурхан бол хурганы зан чанартай биш харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Иймд Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй харилцан ярилцах чадваргүй байдаг, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй юм. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авах болно. Энэ мэдлэг нь үг хэллэг эсвэл хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурханд чамд итгэлтэй байдалд ороход чинь туслах эрдэнэ мэт мөн Тэр чамд баярлан бахаддагийн баталгаа мэт хэрэглэгдэж болно. Хэрвээ чамд бодит мэдлэг дутагддаг бөгөөд үнэнээр зэвсэглээгүй бол дүрэлзсэн халуун үйлчлэл чинь чамд зөвхөн Бурханы жигшил, зэвүүцлийг л авчирдаг. Одоо чи Бурханд итгэх итгэл гэдэг бол шашны номлол судлах төдий зүйл биш гэдгийг мэдэж авсан байх ёстой!
Та нарт сануулж буй Миний үг хэдий товчхон боловч Миний дүрсэлсэн бүхэн нь та нарт хамгийн их дутагдаж байгаа зүйл юм. Миний одоо ярьж байгаа зүйл бол хүмүүсийн дундах Миний эцсийн ажлын төлөө, хүний төгсгөлийг тодорхойлохын төлөө гэдгийг та нар мэдэх ёстой. Би ямар ч зорилгогүй ажлыг ихээр хийхийг хүсдэггүй, мөн нууцаар муу санаа өвөрлөдөг хүмүүсийг үргэлжлүүлэн удирдах нь байтугай, өмхөрсөн мод шиг найдваргүй хүмүүсийг үргэлжлүүлэн залж чиглүүлэхийг ч хүсдэггүй. Магадгүй нэг л өдөр та нар Миний үгсийн ард байгаа чин сэтгэлийг болон хүн төрөлхтөнд оруулсан Миний хувь нэмрийг ойлгох болно. Магадгүй нэг л өдөр та нар, өөрсдийнхөө төгсгөлийг шийдэх боломж олгох ёс зүйг ухаарах болно.
No comments:
Post a Comment