1) Адамд өгсөн Бурханы тушаал
Эхлэл 2:15-17 Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв."
Та нар энэ эшлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичвэрийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? “Адамд өгсөн Бурханы тушаалыг” яагаад бичвэрээс эш татсан бэ? Бурхан, Адам хоёрын дүр зураг та бүгдийн зүрх сэтгэлд буув уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар тэнд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байх байсан бэ? Энэ дүр зураг та нарт ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан, хүн хоёр л байгаа боловч тэдний ойр дотно харилцаа нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд зүгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, гэнэн цайлган, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор баяр цэнгэлээр дүүрэн амьдарч байна; Бурхан хүнд санаа тавьж, хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч, хүний хийж, хэлж буй бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байлаа.
Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн үеэс хойш түүнд өгсөн анхны тушаал нь энэ гэж хэлж болно. Энэ тушаал юу тээж байна вэ? Энэ нь Бурханы хүслийг тээдэг, мөн хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зовнилыг тээдэг. Энэ бол Бурханы анхны тушаал байсан ба Бурхан анх удаа хүн төрөлхтний талаар санаа зовсон нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн мөчөөсөө эхлэн хүн төрөлхтний төлөө хариуцлага хүлээх болсон. Түүний хариуцлага юу вэ? Тэр хүнийг хамгаалж, харж хандах ёстой. Хүн Өөрт нь итгэж, үгийг нь дагаж чадна гэж Тэр найддаг. Энэ нь мөн л Бурханы хүнд тавьж бий анхны найдлага юм. Тийм найдлагийг тээхийн зэрэгцээ Бурхан дараах зүйлийг хэлдэг: “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ.” Энэхүү энгийн үг Бурханы хүслийг төлөөлдөг, мөн Бурханы зүрх сэтгэл аль хэдийн хүнд санаа тавьж эхэлснийг илэрхийлдэг. Бүх зүйлийн дотроос зөвхөн Адам л Бурханы дүрээр бүтээгдсэн; Адам бол Бурханы амийн амьсгаатай цорын ганц амьд зүйл байсан; тэр Бурхантай хамт алхаж, Бурхантай ярилцаж чаддаг учраас Бурхан түүнд ийм тушаал өгсөн. Бурхан энэ тушаалаараа хүн юу хийж болох, юу хийж болохгүйг маш тодорхой зааж өгчээ.
Энэ энгийн хэдэн үгээс бид Бурханы зүрх сэтгэлийг харсан. Бид Бурханы ямар зүрх сэтгэлийг харсан вэ? Бурханы зүрх сэтгэлд хайр байдаг уу? Тэнд санаа зовнил байдаг уу? Энэ эшлэлд байгаа Бурханы хайр, анхаарлыг хүмүүс ойлгоод зогсохгүй маш сайн, үнэнээсээ мэдрэх боломжтой юм. Тийм биш гэж үү? Намайг эдгээр зүйлийг хэлсний дараа та нар эдгээрийг зүгээр л хэдэн энгийн үг гэж бодож байна уу? Тийм ч энгийн биш, тийм үү? Та нар үүнийг өмнө нь харж чадсан уу? Хэрвээ Бурхан чамд энэ хэдэн үгийг биечлэн хэлсэн бол зүрх сэтгэлд чинь ямар санагдах байсан бэ? Хэрвээ чи хүн чанаргүй хүн байсан бол, хэрвээ чиний сэтгэл цэвдэг бол чи юу ч мэдрэхгүй, Бурханы хайрыг мэдэрч чадахгүй бөгөөд Бурханы зүрх сэтгэлийг ойлгох гэж оролдохгүй байх байсан. Хэрвээ чи мөс чанартай, хүн чанартай хүн байсан бол мэдрэмж чинь өөр байх байсан. Чи халуун дулаан байдлыг мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба аз жаргалыг мэдрэх байсан. Тийм биш гэж үү? Чи эдгээр зүйлийг мэдрэх үед Бурханд хэрхэн хандах вэ? Бурханд ээнэгшин дассан мэт санагдах болов уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх болов уу? Зүрх сэтгэл чинь Бурханд улам ойртох болов уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд яг хэр чухал болохыг харж болно. Гэвч хүмүүс Бурханы хайрыг мэдэрч, ойлгох нь бүр ч илүү чухал юм. Үнэндээ Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд иймэрхүү зүйлийг олон хэлдэггүй гэж үү? Гэвч өнөөгийн хүмүүсийн хувьд, Бурханы зүрх сэтгэлийг мэдэрч чадах хүн байна уу? Миний дөнгөж сая ярьсан Бурханы хүслийг та нар ухаарч чадах уу? Бурханы хүсэл ийм тодорхой, үнэн бодитой, жинхэнэ байхад та нар мэдэрч чаддаггүй. Ийм учраас Би та бүхнийг Бурханы талаар бодитой мэдлэг, ойлголтгүй гэж хэлдэг. Энэ нь баримт биш гэж үү? Энэ хэсэг дээр бидний ярилцах бүх зүйл энэ юм.
No comments:
Post a Comment