1) Адамд өгсөн Бурханы тушаал
Эхлэл 2:15-17 Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв."
Та нар энэ эшлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичвэрийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? “Адамд өгсөн Бурханы тушаалыг” яагаад бичвэрээс эш татсан бэ? Бурхан, Адам хоёрын дүр зураг та бүгдийн зүрх сэтгэлд буув уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар тэнд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байх байсан бэ? Энэ дүр зураг та нарт ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан, хүн хоёр л байгаа боловч тэдний ойр дотно харилцаа нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд зүгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, гэнэн цайлган, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор баяр цэнгэлээр дүүрэн амьдарч байна; Бурхан хүнд санаа тавьж, хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч, хүний хийж, хэлж буй бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байлаа.